Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль “Боловсролын цахим шилжилт, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа.

Дархан-Уул аймаг дахь  Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимээс санаачлан боловсролын салбарт тулгарч буй цаг үеийн асуудлуудыг тухайлан хэлэлцэж, шийдэх арга замын талаар санал дэвшүүлэхээр  улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг. Ээлжит VII  хурлыг  2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Боловсролын цахим шилжилт, тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд Суурь шинжлэх ухааны тэнхимийн хамт олон, “Ирээдүйн төлөө Бат-Өлзий сан” ТББ-тай хамтран зохион байгуулав. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын үед зохиогдож байгаа тул агуулга, зохион байгуулалтын хувьд онцлогтой болж байна. Хурлыг нээж ШУТИС-ийн ДаТС-ийн дэд захирал, доктор(Ph.D) У.Эрдэнэболд, ДУА-ийн БСУГ-ын дарга доктор(Ph.D), дэд профессор С. Галбадрах нар үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.  Хуралд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа  явуулдаг их дээд, ЕБС-иудаас гадна УБ хот болон орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд, Увс аймгийн ЕБС-ийн  багш, судлаачид оролцсоноос гадна БШУЯ-ны Хүний хөгжлийн судалгааны секторын эрхлэгч, Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Н.Бэгз урилгаар оролцож “XXI зууны хөгжлийн шаардлага ба Монгол улсын боловсролын бодлогын чиглэл” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.

Дэлхий нийтэд тулгарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор боловсролын салбарт гарч буй өөрчлөлт, үзүүлж буй нөлөөг олон талтай авч үзэн, судлах хэрэгцээ шаардлага үүссэн өнөө үед багш нар зайнаас хамтран ажиллаж хөгжих боломж, цахим сургалтын арга зүй,  хүртээмж, цахим орчны соёл, цахим хичээлийн туршилт судалгаа, олон улсын туршлага, танхим болон цахим хичээлийн үр дүнг үнэлэх загвар, сургалтын ухаалаг хэрэглэгдэхүүн  гэх мэт асуудлуудыг хөндсөн 15 илтгэл хэлэлцүүлж,  75 оролцогч хуралд оролцож туршлагаа хуваалцан, санал бодлоо солилцсон  нь тус хурлын практик ач холбогдлыг харуулж байна.

Тус эрдэм шинжилгээний хуралд оролцсон судлаачдын бүтээлийг эмхэтгэн “Боловсролын цахим шилжилт, тулгамдаж буй асуудлууд ” цахим номыг гаргасан нь цаг үеэ олсон олны анхаарлыг татсан бодит ажил боллоо. Уг цахим номонд багш судлаачдын эрдэм шинжилгээний 23 өгүүлэл хэвлэгдсэн байна. СШУТ-йин эрхлэгч  доктор (Ph.D) Б.Сувд-Эрдэнэ хурлыг хааж  “Манай тэнхимээс зохион байгуулсан анхны цахим хуралд идэвхитэй оролцсон судлаач багш нартаа, амжилттай зохион байгуулсан СШУТ-ийн хамт олондоо, хамтран ажилласан сургуулийн захиргаа, Дархан-Уул аймгийн БСУГ-т  талархал илэрхийлье”  гэв. Мөн хуралд оролцсон судлаач багш нар цаг үеийн асуудал хөндсөн хурлын ач холбогдол болон зохион байгуулалтыг өндрөөр үнэлж сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлцгээлээ.

Доорхи
линкнээр орж судлаач багш нарын бүтээл бүхий цахим номтой танилцаарай.

https://bit.ly/3yiipxu

Зохион
байгуулагч: ШУТИС-ийн  ДаТС-ийн СШУТ

Хамтран зохион
байгуулсан “Ирээдүйн төлөө Бат- Өлзий сан” ТББ