“БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-2018” сэдэвт онол, практикийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол улсад банкны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, “Банкны ажилтны өдөр”, “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ыг тохиолдуулан их дээд сургуулийн эрдэмтэн багш судлаачид, оюутан залуучуудын дунд банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг судлан тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, цаашдын хөгжлийн чиг хандлагыг төсөөлөх зорилготой онол, практикийн бага хурал 2018.05.25-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Онол, практикийн бага хурал, нээлттэй хаалганы өдөрлөгийг Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс болон Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан бөгөөд ШУТИС-ийн БАТС, СЭЗИС, Дарханы ХААИС, ХУИС-ийн Дархан дахь салбар сургууль, Дархан дээд сургууль, Мандах бүртгэл их сургуулийн судлаач багш оюутнууд оролцов.

Хурлын үйл ажиллагааны хүрээнд манай улсын банк, санхүүгийн салбарын хөгжлийн өнөөгийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, банкны салбарын хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох чиглэлээр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудын эрдэмтэд, судлаачид, оюутан залуучууд, банкны салбарын төлөөллийг оролцуулан нийт 12 илтгэлүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийв. Нийт илтгэлүүдээс ШУТИС-ийн ДаТС-ийн Эрчим хүчний менежмент IV курсын оюутан Х.Тэмүүжинбаатар “Инфляцийн богино хугацааны таамаглал” сэдвээр I байр, Санхүүгийн удирдлага V курсын оюутан Б.Бүжинлхам “Банкны ажилчдын ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа” сэдвээр II байр, Санхүүгийн удирдлагын магистрант М.Содцэцэг “Төрийн банкны маркетингийн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдвээр IIIбайр эзэлж тус бүр өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

Онол, практикийн бага хуралтай холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын салбарын “БИД БАНКИР” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд ирээдүйн санхүүгийн хэрэглэгч болох оюутан сурагчид, банк, санхүүгийн мэргэжлээр сурч буй ирээдүйн банкируудад арилжааны банкуудын үйл ажиллагааг сурталчлах, амжилттай суралцаж төгссөн оюутан залуусд ажлын байраар хангагдахад зөвлөгөө мэдээлэл өгөх, багш ажилтнууд, сургуулийн зүгээс банкуудтай хамтран ажиллах санал солилцох зэрэг үйл ажиллагаанууд амжилттай зохион байгуулагдлаа.
7 6 5 4 3 2 1