#ШУТИС_ДаТС-ийн Суурь шинжлэх ухааны тэнхимээс жил бүр уламжлал болон зохиодог улсын хэмжээний эрдэм шинжилгээний 8-р хурал багш судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг түгээн дэлгэрүүлэх, сургалтын дэвшилтэт технологийг боловсролын үйл явцад нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох зорилгын дор 2022 оны 5 сарын 21 өдөр “Орчин үеийн боловсролын чиг хандлага” сэдэвтэйгээр танхим болон цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Боловсролын чанарын менежмент Цахим сургалт Сургалтын технологийн шинэчлэл Багшийн хөгжил Суралцагч төвтэй сургалтын үйл ажиллагааны онол, арга зүй, Суурь шинжлэх ухааны онол ба хэрэглээ гэсэн асуудлын хүрээнд ШУТИС-ийн ДаТС, НБТ, ХШУС, ГХС, УУС, СЭЗИС, ХУИС, МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургууль болон Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн нийт 40 гаруй багш судлаачид оролцож 16 илтгэл хэлэлцүүллээ.
ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн захирал Доктор (Ph.D) дэд проф Б.Ганбат, ШУТИС-ийн УУС-ийн Доктор (Ph.D) дэд проф, МУ зөвлөх инженер, П.Ариунболор зочин илтгэгчээр уригдан шинэлэг санаа инновацын тухай сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Мөн 35 профессор багш судлаачдын ЭШ-ний бүтээл бүхий хурлын эмхтгэл хэвлэгдэн гарлаа. Хурлын төгсгөлд боловсролын салбарт тулгамдсан асуудал гарц шийдлийн тухай нийт оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, судалгааны ач холбогдолтой халуун дулаан уур амьсгал, орчин бүрдсэн сайхан хурал боллоо.