Цаг үеийн байдлаас шалтгаалж хорио цээрийн дэглэмийн үед ДаТС хаврын улирлын сургалтын бүхий л үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж байгаа бөгөөд цахим сургалтын үйл ажиллагаанд СШУТ-ийн хамт олон өөрсдийн бүх боломж бололцоог дайчлан идэвх санаачлагатай ажиллаж байна. Багш суралцагчдын амьд холбоог орлож, бүтээмжийг бууруулалгүй сургах, суралцах боломжийг боломжит дээд түвшинд байлгах технологиуд улам бүр эрчээ авч буй өнөө цагтаа хөл нийлүүлэн СШУТ-ийн хамт олон цахим хичээл бэлтгэх “Мини студи” -ийг байгуулж тохижуулан цахим хичээлээ бэлтгэж байгаа бол тус тэнхимийн ахлах багш П.Нямбаяр “Light board” буюу шилэн самбарыг гарын доорх материал ашиглан өөрөө хийж тэнхимдээ хүлээлгэн өглөө. Энэ технологи нь монголд сүүлийн үед нэвтэрч, ихэвчлэн их, дээд сургуулиуд ашиглаж байгаа бөгөөд ялангуяа инженерийн суурь хичээл болох Математик, Физикийн хичээлүүдийн видео хичээл бэлдэхэд илүү тохиромжтой технологи юм. П.Нямбаяр багшдаа хамт олны зүгээс баярласан талархсанаа илэрхийлээд ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Шилэн самбар ашиглан хийсэн П.Нямбаяр багшийн видео хичээлийг доорх линкээр орж сонирхоорой.