ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Суурь Шинжлэх Ухааны тэнхим нь KOICA-ийн сайн дурын ажилтнууд болон БНСУ-ын Математикийн Соёлын Холбооны мэргэжилтнүүдтэй хамтран Монгол Солонгосын матеметатикийн боловсролын арга зүйн туршлага солилцох нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
ШУТИС-ийн Дархан Уул аймаг дахь Технологийн сургууль дээр 8-р сарын 30-наас 31-ний өдрүүдэд математикийн боловсрол мэргэжлээр томилогдон ажиллаж буй 165-р ээлжийн Жон Жэ Ён сайн дурын ажилтны санаачлан хэрэгжүүлсэн “Монгол Солонгосын Математикийг боловсролын туршлага солилцох өдөрлөг” хамтарсан хөтөлбөр амжилттай болж өндөрлөлөө.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн Дархан Уул аймаг дахь Технологийн сургуулийн ректор Ц.Батбаатар болон СШУТ-ийн багш нар, KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын зохицуулагч Ан Жүн Сог, Пэ Сан Хи болон KOICA-ийн сайн дурын ажилтнууд БНСУ-ын Математикийн Соёлын Холбооны тэргүүн Ким Мүн Сү тэргүүтэй Солонгос мэргэжилтнүүд болон оюутан сурагчдын төлөөлөл оролцлоо. 2 өдрийн турш зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд 250 орчим сурагч болон эцэг эхчүүд хүрэлцэн ирж оролцсон байна.
Математикийн тоглоом, оньсон тоглоом, уламжлалт тоглоом, цаасан цамхаг барих гэх мэт 24 төрлийн сонирхол татсан математикийн туршилтын булангаас бүтсэн уг арга хэмжээ нь хүүхэд залууст ямагт хэцүү хичээл мэт мэдрэгддэг математикийн хичээлийг сонирхолтой байдлаар суралцан математикийн шинжлэх ухааныг бодитоор туршиж үзэх боломжийг олгосноороо онцлог юм.
Өдөрлөгийн үеэр оролцогчдоос үйл ажиллагааний талаар Google form-оор сэтгэл ханамжийн судалгаа авч байлаа. Дараа нь БНСУ-ын Математикийн Соёлын Холбооны тэргүүн Ким Мүн Сү тэргүүтэй Солонгос мэргэжилтнүүд болон СШУТ-ийн математикийн багш нар харилцан математикийн боловсролын талаар туршлага солилцож хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд цаашид энэхүү өдөрлөгийг жил бүр хамтран зохион байгуулах боломжтойг ярилцлаа.
Өдөрлөг зохион байгуулж, тусалж дэмжиж оролцсон KOICA-ийн сайн дурын ажилтнууд, БНСУ-ын Математикийн Соёлын Холбооны мэргэжилтнүүдэд гүн талархал илэрхийлье.












