11-р ангийн сурагчид Дархан-Уул аймгийн их, дээд сургуулиудтай танилцлаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р сургуулийн 11-р ангийн сурагчид “Мэргэжил сонголт” бие даалтын ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн их, дээд сургуулиудтай танилцах танин мэдэхүйн аяллыг 2025 оны аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд 11-р ангийн 3 бүлгийн нийт 70 гаруй сурагч оролцож, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд зочлон тус сургуулийн сургалтын орчин, лаборатори, дадлагын анги танхимуудтай танилцаж, мэргэжлийн чиглэл, элсэлтийн журам болон ирээдүйн суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь сурагчдыг ирээдүйн мэргэжлээ зөв тодорхойлох, өөрийн сонирхол, ур чадварт тохирсон чиглэлээ сонгоход дэмжлэг үзүүлэх, бодит мэдээлэл өгөхөд чиглэсэн байна. Аяллыг Монгол хэл, уран зохиолын багш П. Ариунсэлэнгэ, Технологийн багш С. Мөнхбат, Математикийн багш Л. Ундармаа, Эрүүл мэндийн багш Б. Эрдэнэбаяр нар хамтран зохион байгуулсан бөгөөд сурагчдын оролцоо идэвхтэй, үр дүнтэй боллоо. “Мэргэжил сонголт” бол сурагчдын ирээдүйн зорилго, мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэгдсэн чухал хөтөлбөр юм. Тус арга хэмжээ нь сурагчдын мэдлэгийн хүрээг тэлж, мэргэжлийн талаар бодит ойлголт өгөх, урам зориг өгөх ач холбогдолтой боллоо. Сурагчдадаа сурлагын амжилт хүсье!









