ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ уламжлал ёсоор зохион байгуулагдаж, тэнхим салбар бүрээс шалгарсан 12 илтгэл хэлэлцэгдлээ.
Уг хуралд тавигдсан илтгэлүүдийн хувьд өөр өөр салбар, мэргэжлийн, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой, сонирхолтой, илтгэлүүд байсан бөгөөд оролцогсдын хувьд илтгэх чадвар сайтай, өөртөө итгэлтэй, хөгжих хүсэл эрмэлзэлтэй манлайлагч оюутнууд байсныг хурлыг зохион байгуулагчид болон шүүгч эрдэмтэн багш нар тэмдэглэж үнэллээ.
Шагналт байруудад дараах илтгэлүүд шалгарч, дараагийн шатны ШУТИС-ийн Эрдмийн чуулганд орох эрхтэй болов. Үүнд:
– ТЭРГҮҮН БАЙР Технологийн тэнхимийн профессор Д.Оюунбилэг, Сургалтын мастер А.Сувд-Эрдэнэ нарын удирдсан БМТИ-ийн 3-р курсийн оюутан О.Мөнхбаатар, Б.Бат-Оргил нарын “Холимог цементийн шинж чанарын судалгаа”
– ДЭД БАЙР Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн багш Б.Лхагва удирдсан ЦСА-ын 4-р курсийн оюутан А.Жаргалангийн “Гудамж талбайн гэрэлтүүлгийн хяналтын системийг “NILM” алгоритм ашиглан боловсруулах нь”
– ГУТГААР БАЙР Инженерчлэлийн тэнхимийн багш Ц.Баярмаа удирдсан БМҮМТТА-ын 3-р курсийн оюутан Б.Ангараг-Эрдэнэ, Б.Түвшинбат нарын “Нүүрс баяжуулах үйлдвэрийн шигшүүрийн хийцийн шийдэл” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, кредитийн урамшууллаар шагнагдав.
Мөн оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжин амжилттай удирдаж, манлайлан оролцсон Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн Б.Лхагва багшийг ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШ- аар шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
Хуралд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн судлаач-оюутан, удирдсан эрдэмтэн-багш, судлаачдынхаа цаашдын эрдэм судалгааны ажилд улам өндөр амжилт хүсье!
Хамтдаа мэдлэг тарьцгаая!
2026.03.19













