БНСУ-ын КОЙКА Олон Улсын Байгууллагын төслөөр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхим сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий компьютерээр тоноглогдсон “Компьютерт суурилсан Математикийн лаборатори”-ийг байгуулж, нээлтээ хийлээ.
Уг лаборатори байгуулагдсанаар оюутан суралцагчдын суралцах орчныг шинэ шатанд гаргаж орчин үеийн суралцагч төвтэй боловсролыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Компьютерт суурилсан лабораторт оюутнууд математикийн онолын мэдлэгээ программ хангамжтай уялдуулах, логик сэтгэлгээгээ хөгжүүлэх сургалтын таатай орчин бүрдлээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, КОЙКА байгууллагын мэргэжилтэн Ким И Силь, Сайн дурын ажилтан Жон Жэ Ён нар хэлсэн үгэндээ шинэ лабораторийн ач холбогдол болон хоёр байгууллагын урт хугацааны үр дүнтэй хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа онцоллоо.
Мөн Монгол улс болон БНСУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагаа, сургуулийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж КОЙКА-ийн сайн дурын ажилтан Жон Жэ Ён-ийг Дархан-Уул аймгийн засаг даргын шийдвэрээр “Найрамдлын Дархан тэмдэг”-ээр шагнасныг ДаТС-ийн захирал Ц.Батбаатар гардуулан өгч баяр хүргэв.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувьнэмэр оруулж, мэдлэг боловсрол, чин сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн КОЙКА ОУ-ын байгууллагын сайн дурын ажилтан Жон Жэ Ён танд сургуулийн хамт олон болон нийт оюутнуудын өмнөөс гүн талархал илэрхийлье. Таны цаашдын сурган хүмүүжүүлэх болон эрдэм шинжилгээний үйлсэд өндөр амжилт хүсэж сайн сайхан бүхнийг ерөөе.









